3 Нисвааниc



Хүний бодит амьдрал
1. Энэ дэлхийд амьдарч буй хүмүүс нэг нэгийгээ хайхардаггүй, нэг нэгийгээ
хайрладаггүй билээ. Тэд өчүүхэн юмнаас хэрэлдэж, нүгэл хилэнц зовлон зүдүүр
дунд амьдарч, амьдрал нь тэр чигээрээ гай гамшиг, зовлон зүдүүрийн битүү тойрог
болном. Тэд байр суурь, эд баялгаасаа үл шалтгаалан зөвхөн мөнгөний тухай бодож зовж
шанална. Нэг хэсэг нь мөнгөгүй болоод зовно. Нөгөө хэсэг нь мөнгөтэй болоод
зовно. Тэд, гагцхүү хүслээ хангахыг л бодож, нэг хором ч амар тайван байж
чаддаггүй. Баян хүмүүс тариалангийн талбайтай бол түүнийхээ төлөө, байшинтай
бол бас түүнийхээ төлөө санаа зовно. Тэд өөрт нь буй, дасаж дадсан бүх юмныхаа
төлөө санаа зовж байдаг. Гай тохиолдож, саад бэрхшээл учрах, эсвэл эд баялаг
нь түймэрт шатахад зовон шаналж, түүгээр ч зогсохгүй амиа хорлох гэнэ. Тэр ч бүү
хэл тэд үхлийн замд ганц ганцаараа одож, тэднийг хэн ч үл дагалдана. Ядуу нь юу
ч үгүй хоосноосоо болж зовж зүдэрдэг. Тэд байшин сав, тариалангийн талбайтай
болохыг хүснэ. Тэд хүслийн галд шатаж, бие сэтгэлээрээ ядарч сульдана. Үүнээс
болж тэд олдсон амьдралаа бүрэн гүйцэд эдэлж чадалгүй цагаасаа өмнө амьсгал
хураана. Тэдэнд энэ хорвоогийн бүх юм дайсагнах шиг санагддаг бүлгээ. Үхлийн
урт замд тэд мөн л нэг нэгээрээ оддог.

2. Энэ ертөнцөд таван нүгэл буй. Нэгдүгээрт, хүн болоод газар дээр мөлхөгч
амьтан хүртэл бие биедээ байнга дайсагнаж байдаг. Хүчтэй чадалтай нь сул
доройгоо шахан хавчиж, сул дорой нь хүчтэй чадалтайгаа хууран мэхэлнэ. Тэд
хоорондоо дайсагналцаж, нэг нэгийгээ үргэлж гомдоож, доромжилж байдаг.
Хоёрдугаарт, эцэг эх, үр хүүхэд, ах дүү нар, эхнэр нөхөр, төрөл төрөгсөд, ойр
дотны хүмүүс өөрийн гэсэн амьдралын зарчимгүй, хатуу чанд дүрэм журамгүй
байдаг. Тэд гагцхүү амиа бодож, хүслээ хангахыг хичээнэ. Тэдэнд өөрийн үнэн
үгүй. Тэд бие биенээ хууран мэхэлж, үг үйл хоёр нь үргэлж зөрнө. Гуравдугаарт,
бүх амьтан атгаг муу санаа өвөрлөж, шунал тачаалд автдаг. Эрэгтэй,
эмэгтэйчүүдийн аль нь ч ноогдсон үүргээ биелүүлдэггүй. Учир иймээс хоорондоо
дайсагнаж, хэсэг бүлэг болон хуваагдаж, хорт үйл үйлддэг.
Дөрөвдүгээрт, хэн ч сайн үйл бүтээхийг эрмэлздэггүй. Бие биеэ муу руу татаж, муу
үйл үйлдэж, худал ярьж, дэмий чалчиж, бусдыг муучилж, хоёр нүүр гаргаж, нэг
нэгийгээ доромжилно. Бие биесээ үл хүндлэх тул, хүн бүр өөрийгөө энэ
хорвоогийн хамгийн чухал хүн хэмээн үзэж, ерөөлийг доромжилсондоо огтхон ч
ичиж гэмшихгүй. Тавдугаарт, бүх хүн залхуу хойрго зантай, сайн үйл бүтээхийг үл
мэднэ. Тэд баярлаж талархахыг мэдэхгүй, үүргээ ухамсарлахгүй. Гагцхүү өөрийн
хүсэлд хөтлөгдөж, бусдад гай тарьж, эцсийн эцэст хүнд гэмт хэрэг үйлдэнэ.

З. Хүмүүс бие биенээ хүндэтгэж, нэг нэгэндээ тус болох ёстой. Гэтэл тэгэхийн
оронд хувийн өчүүхэн ашиг сонирхлоо дээдэлж, биесийг үзэн ядна. Ингэхдээ
бяцхан маргаан нь яваандаа томоохон хэрүүл дэгдээж, гүн их нуугдмал хонзон,
гомдож өших сэтгэл төрүүлдгийг үл мэднэ.
Хэдийгээр энэ ертөнцөд дайсагнах нь хоёр талдаа хоёуланд нь хор хүргэх боловч
шууд сүйрэл авчирдаггүй. Гэвч тэр нь сэтгэлийг хордуулж, хүнийг уур уцаартай
болгож, сэтгэл санааг нь хувирган өөрчилдөг. Иймээс хүмүүс дахин дахин төрж,
бие биеэ доромжилж, гүжирдэн гүтгэж, өвөр зуураа дайсагналцсаар байгаа юм.
Энэхүү ховдог хомхой сэтгэл, шунал тачаалын ертөнцөд хүн ганцаараа төрж,
ганцаараа үхдэг. Үйлийн үрийг нь ирээдүйд өөр хэн ч бус, өөрөө л үүрэх ёстой
болдог. Буян, нүгэлийн хариу өөр өөр буй. Буян үйлдсэн хүн зол жаргалыг олдог
бол, нүглийн хариуд гай гамшиг ирдэг. Энэ бол хөдөлшгүй үнэн юм. Гэхдээ хүн бүр
үйлдсэн үйлийнхээ хариуг заавал өөрөө амсана.

4. Хүсэл шунал, дадал заншил, зовлон зүдүүрээр бат бэх холбогдсон хүмүүс цаг
хугацаа улиран өнгөрөхөд улам цөхөрч зовно. Тэд гүн гүнзгий цөхрөлд автаж,
ховдог хомхой сэтгэлээ хангахыг хичээж, уур омогтой болж, эрүүл ухаанд
багтамгүй юм үйлдэж, хэрэлдэж, зөв зам мөрийг үл олж, цагаасаа өмнө үхэж,
байнга шаналж зовохоос өөр аргагүй болдог. Хүмүүсийн иймэрхүү амьдрал
байгалийн хуулинд ч тэр, газар, тэнгэрийн хуулинд ч тэр үл нийцнэ. Ийм амьдрал
гай гамшиг л авчирч, хүмүүс энэ ертөнц болон хойт насандаа ч заавал зовж
зүдэрнэ.
Үнэхээр энэ хорвоод бүх юм урсан улирч, түргэн өөрчлөгдөж, тогтвортой,
найдлагатай юу ч байхгүй бүлгээ. Ийм нөхцөлд байгаа хэрнээ бүгд л зугаа цэнгэл
хөөцөлдөх нь ихэд гунигтай юм.

5. Энэ бол ертөнцийн үнэн дүр зураг юм. Энэ ертөнцөд хүмүүс зовлон дунд төрж,
сайн үйлсийн тухай өчүүхэн бээр үл мэдэж, гагцхүү нүгэл үйлджээ. Тиймээс
хорвоогийн жам ёсны дагуу улам их зовлон эдэлнэ. Хүмүүс гагцхүү хувиа хичээж
бусдад үл тусална. Тэд хүслийнхээ хүлээсийг сул задгай тавьж, шунал тачаалын
галыг бадрааж, зовж зүдэрч, хариуд нь улам их тарчлан шаналдаг.

6. Тиймээс хүн хорвоогийн явдлаас салж, эрүүл саруул байгаа дээрээ зөв замд
орж, мөнхийн амьдралыг хүсэх хэрэгтэй. Зөв зам мөрөөс өөр илүү аятай,
тааламжтай юм буй гэж үү? Гэвч хүмүүс сайн үйлийн ачаар буян хураадаг, зөв үйл
хэрэг зөв зам мөрд хөтөлж авчирдагт үл итгэнэ. Тэд, хүн үхсэнийхээ дараа дахин
төрөхийг ч үл мэднэ. Бусдад туслах бол жаргал гэдэгт тэд үл итгэнэ. Тэд буян,
нүгэлтэй холбоотой юунд ч үл итгэнэ.
Хүмүүс алдаж, зөв сургаал, сайн үйл юу болохыг үл мэднэ. Тэдний санаа сэтгэлд
харанхуй ноёрхож, үйл хэрэг нь бүтэх, эс бүтэх болон зол жаргал тохиолдох,
золгүй явдал учрахын хууль журмыг үл мэднэ.Тэд гагцхүү уйлж унжиж, энэ
амьдралдаа гуньж гутарна. Ертөнцөд мөнхийн юм үгүй, бүх юм улиран урсаж,
хувиран өөрчлөгдөж байдаг. Үүнээс болж хүмүүс уйтгарлан гуньж, зовж зүдрэхээс
өөр юу ч мэдэхгүй. Зөв сургаалыг үл сонсож, гүн гүнзгий бодож бясалгадаггүй. Тэд
амархан олддогоор нь гагцхүү зугаа цэнгэл эргүүлнэ. Тэдний эд баялагтай болох
эрмэлзэл, шунал тачаалд нь эцэс төгсгөл, мөн хязгаар үгүй.

7. Аль дивангараас эхлэн хүмүүс төөрөгдлийн ертөнцөд амьдарч, мөнхийн
түгшүүрт оршиж, хязгааргүй их зүдэрдэг. Энэ төөрөгдөл эдүгээ үргэлжилсэн
хэвээрээ юм. Харин одоо тэд Бурхан багшийн сургаалыг мэдэх, түүнд итгэх
боломжтой болсон нь юутай сайхан бэ. Тэд гүн гүнзгий бодлогоширч, нүглээс
холдож, буяныг сонгож, Бурхан багшийн сургаалыг дагах ёстой.
Аз болоход одоо цугаараа Бурхан багшийн сургаалыг танин мэдэх бололцоотой
учир Түүнд сүсэглэж, Бурхан багшийн ертөнцөд мэндлэхийг хүсч байх ёстой.
Бурхан багшийн сургаалтай танилцсаны дараа бусдад уруу татагдаж, хорвоогийн
шунал тачаалын эрхэнд орж, нүгэл үйлдэхийг тэвчих хэрэгтэй. Зөвхөн өөртөө
авралыг хүсч болохгүй, харин энэ сургаалыг түгээн дэлгэрүүлж, бусад хүмүүст
авралыг ерөөх хэрэгтэй.

Хүний зан араншин
1. Хүний зан чанарыг таних хэцүү. Үлгэрлэвэл, хаагуур нь ч орохын аргагүй битүү
ургасан зэгс лүгээ адил билээ. Хүнийхийг бодвол зэрлэг амьтны зан чанарыг
танихад хялбар юм. Зан чанарынх нь хувьд хүмүүсийг дөрвөн зэрэгт хувааж
болно. Нэгдүгээрт, зовж шаналж буй хүмүүс багтана. Тэд буруу сургаалыг дагаж бие
бялдраа зовоож тарчлаадаг.
Хоёрдугаарт, бусдыг зовоож буй хүмүүс орно. Тэд, амьд амьтныг алж талах,
хулгай хийх зэрэг олон муу үйлийг үйлддэг.
Гуравдугаарт, өөрсдөө зовж, бусдыг зовоодог хүмүүс багтана.
Дөрөвдүгээрт, өөрөө үл зовж, бусдыг үл зовоодог хүмүүс багтана. Тэд энх тайван,
амар амгалан байдалд, аливаа хүсэл шуналаас ангид амьдарна. Бурхан багшийн
сургаалын дагуу тэд амьтан үл алж, сайн үйлс бүтээнэ.

2. Түүнээс гадна энэ ертөнцөд гурван төрлийн хүмүүс буй. Чулуун дээр сийлсэн
бичиг лүгээ адил, элсэн дээр зурсан бичиг лүгээ адил, усан дээр бичсэн бичиг
лүгээ адил хүмүүс болой. Чулуун дээр сийлсэн бичиг лүгээ адил хүмүүс уурлаж
уцаарлах нь олонтаа, тэр нь удаан үргэлжилж, чулуун дээр сийлсэн бичиг лүгээ
адил мөд арилахгүй.
Элсэн дээр зурсан бичээс лүгээ адил хүмүүс уурлаж уцаарлах нь их боловч уур
хилэн нь түргэн арилж, зүйрлэвээс элсэн дээрх бичээс лүгээ адил замхармуй.
Усан дээр бичсэн бичээс лүгээ адил хүмүүс усан дээр бичмэгц урсан арилах
бичээс лүгээ адил; тэд бусдыг муучилдаггүй, муу муухай юмны тухай сонсоод
хэрэгсдэггүй бөгөөд санаа сэтгэлд нь ямагт энх тайван, амар амгалан ноёрхож
байдаг. Мөн өөр гурван зүйлийн хүмүүс буй. Эхнийх нь ааш зан эгэл жирийн,
сэтгэл хөдөлж үймрэх нь амархан, хөнгөмсөгдүү, ямагт хувирамтгай, удаах нь зан
чанарын хувьд амаргүй, дуу шуу цөөнтэй, төлөв даруу, маш болгоомжтой, сэтгэлээ
барьж хүслээ удирдаж чадах бүлгээ. Түүний удаах нь бүр ч амаргүй, тэд
хорвоогийн шунал тачаалаа үндсээр нь дарж устгасан байдаг.
Энэ ертөнцөд олон янзын хүн буй тул, хүн болгоны зан чанарыг ойлгож танихад
бэрх хэцүү, гагцхүү Бурхан багш тэдний зан чанарыг ойлгож, хүн болгоныг түүнийх
нь дагуу сургаж чадна.

Нисваанис > Хүний амьдрал

1. Нэгэн хүний амьдралын тухай сургаал домогт өгүүлснээр, тэрбээр завинд сууж
голын урсгал даган хөвж явахад эрэг дээр буй өөр хүн түүнд хандан хашгирсан нь:
"Урсгал дагаж баяр баясгалантай уруудаж байна уу. Гэхдээ чи сайн бод. Урсгал
дагавал өндөр өндөр давалгаа, эргүүлэг бий, матар, догшин шуламууд бүхий
ёроолгүй ус бий. Тэнд чи гарцаагүй амь насаа алдана" гэжээ.
Энэ домогт урсаж буй гол ус нь зугаа цэнгэлд автсаар өнгөрөх амьдралыг
төлөөлнө. "Урсгал дагаж баяр баясгалантай" уруудах гэдэг нь өөртөө дасахын нэр
юм. "Өндөр өндөр давалгаа" нь уур уцаар, зовлон зүдүүр, "Эргүүлэг" нь зугаа
цэнгэл юм. "Матар, догшин шуламууд бүхий ерөөлгүй ус" нь нүгэл үйлдэж
доройтохыг төлөөлнө. "Эрэг дээр буй хүн" нь Бурхан багш юм. Өөр нэг домог үлгэр
сонсоно уу. Нэг хүн гэмт хэрэг үйлдчихээд зугтжээ. Араас нь хүмүүс нэхэн эдэлж,
гүйцэж очоод тал талаас нь бүсэлж, ухран зугтах замгүй олгов. Хавханд орсон
лугаа адил болсон тэр хүн дэргэд нь ашиглахаа больсон худаг буйг гэнэт олж
харжээ. Худгийн хашлагаас ороонго мод доошоо унжиж байлаа. Тэрбээр ороонго
модоо доошоо бууж эхлэв. Тэгтэл худагны ёроолд хорт могой өөрийг нь бууж
ирэхийг хүлээж буйг харсан аж. Тэрбээр доошоо буухаа больж ороонго модны тэг
дунд гацчихав. Удалгүй гар нь чилжээ. Хажуугаар нь тас хар, цав цагаан хоёр
хулгана ороонго модыг мэрж эхлэв.

Хулгана ороонго модыг мэрж дуусмагц тэр хүн доошоо унаж, могойн идэш болно.
Тэрбээр толгойгоо дээш өргөтөл зөгийний үүрнээс ам руу нь амтат балны хэдэн
дусал унав. Тэрбээр балыг амталж аюулд орсноо ч умартав. Энэхүү домог үлгэрт
"Нэг" гэдэг нь эл ертөнцөд эхлээд төрдөг, дараа нь үхдэг хүний ганцаардлыг
илэхийлж байгаа юм. "Араас нь хүмүүс нэхэн элдэх", "Хорт могой" хэмээх нь янз
янзын хүслийн эх булаг болсон бие юм. "Ашиглахаа больсон худагт ургасан
ороонго" нь хүний амьдрал гэсэн үг билээ. "Хар цагаан хоёр хулгана" хэмээх нь
цаг хугацаа юм. "Амтат зөгийн балны дусал" бол зугаа цэнгэл юм.

2. Дахин нэг домог үлгэрийг сонсмуу. Хаан хайрцганд дөрвөн хорт могой хийж,
асарч байхыг нэг хүнд тушааж, сануулсан нь: "Хэрэв ганцхан ч болов могойны
уурыг хүргэвэл толгойгүй болно гэж мэдээрэй". Нөгөө хүн энэ тушаалаас үнхэлцгээ
хагартал айж могойтой хайрцгийг хаяж зугтаав. Үүнийг мэдсэн хаан бариулахаар
араас нь таван зарцаа явуулжээ. Тэд зугтсан хүнийг мэхлэн хаанд авчрахыг
төлөвлөсөн ч, цаадах нь мэхэнд оролгүй улам цааш зугтааж, нэг тосгонд хүрээд
тэнд орогнох байр хайж эхлэв.
Гэтэл тэнгэрээс нэгэн дуу дуулдаж, энэ тосгонд хэн ч үл амьдрах бөгөөд өнөө
шөнө зургаан дээрэмчин ирнэ гэв. Айж сандарсан хүн цааш зугатав. Замд нь
хүчтэй урсгал бүхий гол тааралджээ. Гатлахад хэцүү байсан ч, энэ талын эрэг
дээр үлдвэл аюултайг мэдэрсэн хүн сал зангидаж, арай чүү цаад эрэг дээр нь гарч
анх удаа аюулгүй газар ирснээ мэдрэв. Энэ домог үлгэрт "Хорт дөрвөн могой
хийсэн хайрцаг" нь газар, ус, гал, салхи хэмээх дөрвөн махбодоос бүрдсэн хүний
биеийг төлөөлнө. Энэхүү бие хүслийн эх булаг, санаа сэтгэлийн дайсан мөн билээ.
Тиймээс тэр хүн ийм биенээс зугатахаар шийдсэн аж. "Таван зарц зугтсан хүнийг
мэхлэхээр шийдсэн" гэдэг нь хүний бие, түүний сэтгэлийг бүрдүүлсэн таван
махбодын нэр юм. "Орогнох байр" нь хүний зургаан мэдрэхүй, "Зургаан
дээрэмчин" бол зургаан мэдрэхүйн тусагдахуун билээ. Мэдрэхүйн эрхтнүүд аюул
авчирдгийг ухаарсан хүн улам цаашаа зугтахад зам хаасан "Түргэн урсгалтай гол"
бол хорвоогийн шунал тачаалд автсан амьдрал буюу.
Бурхан багшийн сургаалын салыг зангидсан хүн хорвоогийн шунал тачаалын|
аймшигтай, гүн гүнзгий голыг гэтэлж, цаад эрэгт гарч амар тайван, энх амгалан
байдлыг олсон аж.

З. Энэ хорвоод эх нь хүүхдээ, хүүхэд нь эхээ аварч чадахгүй гурван тохиолдол
буй. Эдгээр нь их түймэр, их үер, их дээрэм болой. Гэвч ийм тохиолдолд хүртэл
заримдаа эх, үрс бие биедээ тус болж чадна. Харин эх нь үрдээ, үр нь эхдээ
яагаад ч тусалж чадахгүй өөр гурван тохиолдол байдаг. Үүнд өтлөх, өвдөх,
үхэхээс айх энэ гурван тохиолдол орно. Эх нь өтөлж буйг харсан хүүхэд өөрийн
биеэр өтөлж буй эхээ орлож чадах уу? Өвдөж буй хүүхдийнхээ дэргэд уйлж суугаа
эх нь өөрийн биеэр өвдсөн хүүхдээ орлож чадах уу? Хүүхэд нь, эсвэл эх нь үхэж
байхад хэдийгээр энэ хоёр эх, үрийн холбоотой ч гэсэн хэрхэн өөрийн биеэр нэг нь
нөгөөгөө орлон нөхөж чадах билээ. Эх үрс бие биедээ хязгааргүй хайртай ч эдгээр
тохиолдолд нэгэндээ яагаад ч тус болж чадахгүй.

4. Энэ ертөнцөд олон муу үйл үйлдсэн хорон санаат хүн үхсэнийхээ дараа тамд
унахад Тамын эзэн Эрлэг хаан түүнээс: "Чи хүний ертөнцөд байхдаа гурван
сахиулсан тэнгэртэй учирсан уу?" гэхэд: "Үгүй ээ, би сахиулсан тэнгэртэй
учраагүй" гэв.
"Тэгвэл чи таяг тулж бөгтийсөн, арай ядан хөлөө зөөсөн хөгшчүүлтэй уулзаж

байсан уу? хэмээв. "Тийм ээ, би тийм олон өвгөнтэй учирч байсан" гэв. "Чи тэдгээр
сахиулсан тэнгэртэй учирсан ч тэдэнтэй адил өтлөхөө эс ойлгож, сайн үйл яаран
бүтээхийг бодсонгүй. Тиймээс одоо ийм шийтгэлийг хүлээж байгаа юм" гэв. "Чи
хэвтэрт орсон, харахад нүд дальдирмаар турж сульдсан өвчтэй хүмүүстэй учирч
явсан уу?" "Би тийм өвчтөнтэй олон удаа таарч байсан", "Чи өвдөж буй сахиулсан
тэнгэртэй учрахдаа өөрийг чинь бас өвчин ороохыг ойлгосонгүй. Тиймээс тамд
унасан байна".
"Чи дэргэдээ үхэж буй хүмүүсийг харсан уу?" "Би үхэж буй хүмүүстэй олонтаа
таарсан", "Амьд бүхэнд үхлийг сануулагч сахиулсан тэнгэртэй учирсан боловч чи,
хэзээ нэгэн цагт өөрөө үхэхээ эс ухаарч, сайн үйл бүтээхийг бодсонгүй. Тиймээс ч
ийм шийтгэл амсаж байгаа юм. Хийсэн үйлийнхээ үрийг өөрийн биеэр амсах ёстой".

5. Нэгэн баян хүний бэр Кисогатами ганц бяцхан хүүгээ алджээ. Зовлон гасланд
нэрвэгдсэн залуухан эхийн ухаан санаа элий балай болжээ. Тэрбээр хүүгийнхээ
хөрсөн цогцсыг элгэндээ нааж, хайртай хүүгий нь эдгээж чадах хүнийг олохоор
явжээ.
Тааралдсан хүмүүс зовлонг нь хуваалцах боловч нэг нь ч тусалж эс чадна. Ялж
төгс нөгчсөн багшийн нэг шавь нь эмэгтэйг өрөвдөж Жетаванад буй багш дээрээ
очихыг зөвлөсөн аж. Залуухан эх хүүгээ тэвэрсээр Бүхнийг айлдагч багш руу
яарчээ.
Хамгийг мэдэгч багш, эмэгтэй рүү анхааралтайяа ширтэн хараад хэлсэн нь:
"Эмэгтэй минь, хүүхдийг чинь эмчилж эдгээхийн тулд намуу цэцгийн үр хэрэгтэй.
Хотод очоод хүнээс 4-5 ширхэг үр гуйгаад ир. Гэхдээ нэг ч хүн нь талийгаач
болоогүй тийм айлаас авсан намуу цэцгийн үр байх ёстой" гэв. Уй гашууд автаж,
ухаан санаа нь балартсан эх намуу цэцгийг амархан олсон боловч, нэг ч хүнээ
алдаагүй айл өрхийг олсонгүй. Эмэгтэй өөрт нь хэрэгтэй намуу цэцгийн үрийг олж
чадалгүй, Бурхан багш дээр буцаж очжээ. Амарлингуй оршигч багш амар амгалан
байдалд, дуу чимээ үл гарган суухыг хараад эмэгтэй сая Түүний үгийн утгыг
ойлгожээ. Тэрбээр нойроос сэрсэн юм шиг болж, ухаан санаа нь эрүүл саруул
болов. Чингээд хүүхдийнхээ хүйтэн цогцсыг оршуулж, Чадагчийн эрхт багш дээр
эргэж ирээд Түүнд шавь оржээ.
Сэтгэлийн бузар
1.Хүний сэтгэлд буй Бурхан багшийн мөн чанарыг ухааны болон зүрх сэтгэлийн
хэмээх хоёр шунал тачаал хучсан байдаг. Ертөнцийн бүх шунал тачаалыг энэхүү хоёр төрөлд хуваана. Үүсэх шалтгаан нь
мунхаг харанхуй болон шунахай сэтгэл юм.
Харанхуй болон ховдог хомхой сэтгэл бүх шунал тачаалыг өдөөнө. Эдгээр нь ямар
ч шунал тачаалын эх ундарга болой. Харанхуй гэдэг нь мунхаг ухаан хийгээд
үнэнийг үл ойлгох байдал юм. Ховдог хомхой сэтгэл бол хүсэл шунал, амьдралд
дасал болохын эх ундарга юм. Энэ бол нүдээр харж, чихээр сонсч буй бүхнээ
эзэгнэх хүслэн юм. Энэ бол үхлийн хүслэн болж өсч ургадаг хүслэн билээ.
Харанхуй хийгээд ховдог хомхой сэтгэлээс эгээрэл хүсэл, уур уцаар, мунхаг ухаан,
буруу тайлбар, гомдол, атаархал, худал хуурмаг, бялдууч зан, ихэмсэг зан, бусдыг
үл тоомсорлох, хөнгөн хийсвэр загнах зэрэг хорвоогийн шунал тачаал төрнө.

2. Хүн өөрт нь таалагдсан юмыг олж хараад хүслээ хангах буруу бодолд автахад
шунал үүснэ. Хүн өөртөө үл таалагдах юмыг олж харахдаа эрхэндээ оруулах гэсэн
буруу бодолд автахад уур хилэн үүснэ. Хүн харанхуйгаасаа болж юу хийх ёстой,
юу хийх ёсгүйгээ үл мэдэх нь мунхаг явдал юм. Буруу сургаалын нөлөөн дор буруу
бодох нь буруу тайлбарлахад хүргэнэ. Хүсэл шунал, уур хилэн, мунхаг харанхуй
гурвыг энэхүү ертөнцийн гурван гал хэмээдэг. Бүх хүслээ дураар нь тавьж ухаан
бодлоо хазаарлах чадваргүй болсон хүнийг хүслийн гал нь шатаадаг. Амьд
амьтныг хөнөөж, уурын мунхагт автсан хүнийг хилэнгийн гал нь шатаадаг. Бурхан
багшийн сургаалыг мэдэхгүй, төөрөлдөж яваа хүнийг мунхагийн гал хуйхалдаг.
Үнэхээр энэ орчлонд янз янзын гал асч буй билээ. Хүсэл шунал, уур хилэн, мунхаг
ухааны гал, амьдрах, өтлөх, өвдөх, үхэхийн гал, санаа сэтгэл шаналж, уйтгарлан
гуних, зовж зүдрэх, тарчлахын олон гал асч байна. Ертөнцийн шунал тачаалын
хорт гал зөвхөн төөрч будилсан хүмүүсийг хуйхлаад зогсохгүй, бас бусдыг зовоож,
бие, хэл, сэтгэлээр нүгэл үйлдэхэд хүргэдэг. Үүгээр ч зогсохгүй энэ галд
түлэгдсэнээс үүдсэн идээ бээр нь бусад хүмүүст халдварлаж, тэднийг муу үйлийн
замд хөтлөн оруулна.

З. Шунал хүсэл нь хангалуун байх гэсэн сэтгэлээс, уур хилэн нь сэтгэл хангалуун
бишээс, мунхаг харанхуй нь муу муухай санаанаас үүднэ. Хэдийгээр шунал хүсэл
нь сүйдтэй том нүгэл биш боловч, түүнээс ангижирна гэдэг амаргүй. Хэдийгээр уур
хилэн нь их нүгэл боловч, түүнээс ангижирах нь хэцүү биш. Мунхаг харанхуй бол
том нүгэл, түүнээс ангижрах нь амаргүй.
Тиймээс хүмүүс өөртөө таалагдаж буй юмыг үзэх, сонсох үедээ зөв бодож сэтгэх,
таламжгүй зүйлийг үзвэл тэвчихийг дээдэлж ямагт зөв бодох, ингэснээрээ муу
гурван галыг унтраах ёстой. Хүмүүс зөв, ариун тунгалаг, өгөөмөр сайхан сэтгэлтэй
болвол хорвоогийн шунал тачаал тэдэнд үгүй болно.

4. Шунал хүсэл, уур хилэн, мунхаг харанхуй нь өвчтөн халуурах лугаа адил билээ.
Ямар ч саруулхан, гоё тансаг өрөөнд хэнбугай ч хэвтэж байсан, халуунтай л бол
дэмийрч, нойр муутай хононо. Хорвоогийн эдгээр шунал тачаалаас ангижирсан
хүн хөхөө өвлийн хүйтэн шөнө, газар унаж дэрийн хөлдсөн навчисын дээрч гэсэн
тайван тухтай нойрсоно, зуны бүгчим шөнө, тав тух муутай, бачуухан өрөөнд ч
сайхан унтана.
Ертөнцийн энэхүү гуван шунал тачаал эл хорвоогийн уй гуниг, зовлон зүдүүрийн
гол шалтгаан билээ. Энэ уйтгар гуниг, зовлон зүдүүрийг гагцхүү сонор сэрэмж,
сэтгэл санааны төвлөрөл, оюун ухаан л таслан зогсооно. Сонор сэрэмж нь шунал
хүслийн, санаа сэтгэлийн зөв төвлөрөл нь уур уцаарын, оюун ухаан нь харанхуй
мунхгийн бузрыг арилгана.

5. Хүний хүсэл аливаа хязгаарыг үл мэднэ. Зүйрлэвэл, энэ нь давстай ус уугаад,
цангаа тайлж чадахгүй байгаа хүнтэй адил бүлгээ. Тэрбээр хичнээн их ус уулаа ч,
цангаагаа тайлж чадахгүй, улам ангана.
Хүн хүслээ хангахаар тэмүүлэвч сэтгэл нь улам бүр үл ханаж, уурлаж уцаарлаж
эхэлнэ.
Хүн хүслээ хангаж чадахгүй. Тэрбээр хүслээ биелүүлж чаддаггүй учир зовж
зүдэрдэг. Тэрбээр хүсэл нь биелэхгүй болохоор галзуурах шахдаг.
Хүмүүс ховдог хомхой сэтгэлээсээ болж нэг нэгтэйгээ маргалдаж, хоорондоо
дайтна. Ховдог хомхой сэтгэлдээ автаж урдахаа харахаа больсон хаад ноёд, сайд
язгууртан, эцэг хөвгүүд, ах дүү, анд нөхөд хоорондоо тэрсэлдэн дайтаж, нэгийгээ
алж хяддаг.
Шунаг сувдаг сэтгэлээсээ болж хүн зөв замаасаа урваж, хулгай хийж, худал хэлж,
буруу хурьцаж эхэлдэг. Зарим үед гэмт хэрэг үйлдэж байгаад баригдан
шийтгэгдэж, зовж тарчилдаг. Түүнээс гадна сувьдаг шунахай сэтгэлээсээ болж
бие, хэл, сэтгэлээр нүгэл үйлдэнэ. Хүн энэ ертөнцөд зовж, үхсэнийхээ дараа нөгөө
ертөнцөд очихдоо харанхуй тамын элдэв зовлонг эдэлдэг.

6. Сувьдаг шунахай сэтгэл бол ертөнцийн хамгийн хэцүү шунал тачаал бөгөөд
бусад нь түүний эрхэнд байдаг.
Хомхой сэтгэл нь хорвоогийн шунал тачаал соёолж ургадаг чийгтэй хөрс лүгээ
адил юм. Энэхүү ховдог сэтгэл нь хорвоогийн элдэв шунал тачаалыг төрүүлнэ.
Сувьдаг шунахай сэтгэл бол буяныг залгидаг шулмас юм. Хомхой сэтгэл ямар ч
буяныг үгүй болгоно. Ховдог хомхой сэтгэл бол цэцгийн сүүдэрт нуугдаж буй хорт
могой лугаа адил бөгөөд хүслийн цэцэгт хуруу хүрсэн болгоныг хөнөөх амой.
Ховдог хомхой сэтгэл бол мод ороож ургадаг хорт ургамал бөгөөд хүний сэтгэлийг
ороож, буяных нь шим шүүсийг сордог юм. Ховдог хомхой сэтгэл бол шуламын
шидсэн талх, түүнийг авсан хүн нүглийн замаар ордог.
Хэрэв өлсгөлөн нохойд цус түрхсэн хоосон булуу хаяж өгвөл шуналтай нь аргагүй
түүнийг мэрэх боловч дэмий л цуцаж, зовж зүдэрнэ. Хэрчим махны төлөө зэрлэг
амьтад нэг нэгэнтэйгээ уралцдаг. Асаасан бамбар бариад салхи сөрөн явж буй
мунхаг хүн бамбарынхаа галд шатна. Зэрлэг амьтад, мунхаг хүмүүс сувьдаг
шунахай сэтгэлээсээ болж өөрсдийгөө зовоож эсвэл шатаадаг.

7. Хорт сум гаднаас эрчлэн нисч ирвэл түүнээс хамгаалж болно, хэрэв дотроос
эрчлэн нисч ирвэл хамгаалж үл болно. Шунал үүсэл, уур хилэн, харанхуй мунхаг,
ихэмсэг зан энэ дөрвийг элдэв өвчин халдаадаг хорт дөрвөн сумтай зүйрлэж
болно. Сэтгэлд шунал, хүсэл, уур уцаар, мунхаг ухаан нүүрлэсэн цагт хүн худал
ярьж, илүү дутуу чалчиж, хараал хэлж, хоёр нүүр гаргаж, амьтан алж, хулгай хийж,
буруу хурьцах бүлгээ. Сэтгэлээр үйлдэх гурав, хэл амаар үйлдэх дөрөв, биеэр
үйлдэх гурван нүглийг арван хар нүгэл гэнэ.
Хэрэв хүн санаатай худал хэлж эхэлвэл ямар ч муу үйл үйлдэнэ. Буруу хэрэг хийж
буй учир худлаа ярихаас өөр аргагүй болдог. Худлаа ярьдаг учраас нүгэл
үйлдэхдээ ичиж зовохыг мэдэхгүй. Ховдоглох, шунаж хүсэх, айж эмээх, уурлаж
уцаарлах нь цугаараа мунхаг ухаанаас үүднэ. Мөн гай гамшиг, аюул зовлон ч
мунхаг ухаанаас урган гардаг. Энэ ертөнцөд мунхаг ухаан элдэв халдварын эх
булаг мөн.

8. Хүн хорвоогийн шунал тачаалд автаж муу үйл үйлдэнэ. Муу муухай үйлсээсээ
зовж шаналдаг. Хорвоогийн шунал тачаал, муу үйл, зовлон зүдүүр нь эцэсгүй
эргэлдэж байдаг гурван хүрд юм. Эдгээр хүрдний эргэлт нь эхлэл, төгсгөлгүй юм.
Хүн энэ хүрээнээс гарч үл чадна. Энэ хүрээнд эргэлдэж, дахин дахин төрж, энэ
ертөнцөөс өөр ертөнцөд шилжин очиж, тэндээсээ гурав дахь ертөнцөд шилжиж,
ийнхүү дуусашгүй олон төрлийг олно. Энэхүү мөнхийн эргэлдэх хүрээнд хүний
үхсэн болгоных нь дараа шатаасан ясыг нь цуглуулбал Сүмбэр уулнаас өндөр
болно. Энэ цаг хугацаанд ээжээсээ хөхсөн сүүг цуглуулбал Сүн далайгаас илүү
болно.
Тиймээс хэдийгээр хүн Бурхан багшийн мөн чанартай боловч, тэр нь хорвоогийн
шунал тачаалын үнэхээр зузаан тоосонд хучаастай тул цаанаас нь нэвтлэн гарч
ирж үл чадмуй. Хэдийгээр хүн бүхэнд Бурхан багшийн үл илрэх мөн чанар буй
боловч, хүмүүс тэрхүү мөн чанарыг байхгүй хэмээн үздэг учраас тэдний төөрөгдөл
эцэс төгсгөлгүй билээ.

0 comments:

Post a Comment

Санаа нэгтэнүүд

Feed me!!!

 

Welcome My Blog Design by Insight © 2009